Маргааш 6 сарын 1. Хүүхдийн баяр. I don't care.
Би хүүхдийн баярыг нээх их тэсэн ядан хүлээдгүй. Ухаан орсон цагаасаа хойш сэтгэлдээ хүртэл хүүхдийх баяр тэмдэглэж байсан удаа байхгүй юм шиг санагддагийн. Нөгөө л нэг парк дээр очно. Тоглосон ч юм байхгүй хар халуунд очерт зогсож зогсож буцдаг байсан. Тэгээд л хүүхдийн баяр болгоны дараа наршина. Шөнө нь унтаж чадахгүй дотор муухайраад л...Нэг ёсондоо хүүхдийн баяр гэхээр жаалуудын нүд сэтгэл хоёр нь сэргээд явчихдаг байсан бол минийх эсрэгээрээ, нурууны үс босдог байсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Ашгүй 7 настай байхад манай дүү 6н сарын нэгэнд гарсын. Ээж маань нэвтрүүлэгч болохоор 6н сарын нэгэнд нэвтрүүлэгч Чимгээ охинтой боллоо гээд л орой нь мэдээгээр гарч билээ. Дүүтэй болоод бөөн баяр болно гээд бөөн төлөвлөгөө гаргацан байсан хүний сэтгэл бяцхан атаархлаар дүүрсэн. Тэгээд л нөгөө сайхан бодлууд маань замхран алга болсон юмдаа. Дөнгөж төрөнгүүтээ л зурагтаар гараад байхдаа яадын гээд л тэрүүхэн хооронд дотор маань эвгүй оргиод явчихсан. Гэхдээ би өөрийгөө буруутгадаггүй ээ, тиймхэн юмны төлөө, жоохон л байсан юм чинь гэж бодоод...Тэгээд л үүний дараа жил бүр 6 сарын нэгэн манай гэр бүлийнхний хувьд Николийн (манай дүүг Николь гэдгийн) баяр болж хувирсан юмдаа. Жил бүрийн хүүхдийн баяраар Никольд л бүх анхаарал хандана. Намайг бол том гээд тоох ч үгүй. Тоохгүй байх гэдэг нь юу ч биш. Тэрнээс их юм болдог л байсын.
Миний хувьд аавынхаа аав ээж дээр өссөн болохоор энэ хоёр дээрээ л ирж нэг гайгүй баярлана. Өвөө эмээгийндээ ирэхээр анхаарал зөвхөн над дээр, бүх л амттан надад зориулагдана. Өвөө эмээ дээрээ л ирэхээр хүссэн бэлгээ авхуулж, хүссэн хоолоо иднэ. Нэг иймэрхүү байдалтай гүйсээр байгаад л өдий хүрчихэж.
Өнөөдөр өдөр эмээтэйгээ гадуур баахан дэлгүүр хэсч, caffe Ti-amo-д мөнгө үрсэн шиг яваад ирлээ. Буцаад л бяцхан охин болсон юм шиг санагдсан. Дахиад л нөгөө зайрмаг нэхсэн дэлдэн жаал болчихсон юм шиг байсан. Эмээдээ эрхэлж зайрмаг авхуулаад л, бөөн торт, чихэр авхуулаад л... цэцэрлэгт ороод сургууль төгсөх хүртлээ тэмдэглэсэн хамгийн гоё хүүхдийн баяр өнөөдөр л байсан. Намайг яасан зожиг, дүү нараа боддоггүй юм бэ гэж бодох л байх. Бодож л байг. Би эмээ өвөөгийн хүүхэд л байсан, эмээ өвөөгийн хүүхэд ч байсаар байх болно. Гэхдээ би дүү нартаа хамгаас илүү хайртай. Одоохондоо тэр хэд маань хол байгаа болохоор л хүүхдийн баярыг айлын ганц хүүхэд шиг тэмдэглэж үзлээ. Магадгүй олон жилийн дараа би өөрийнхөө хүүхдүүдийг дагуулаад хүүхдийн баярт явахдаа энэ тоосонд дарагдсан бодлыг ахиад нэг сэргээж бодох биз. Тэр болтол оюутны амьдралаар өөрөөр хэлбэл том хүн хүүхэд хоёрын яг зааг дээрхи он жилүүдээр амьдарна.
No comments:
Post a Comment